Энэтхэгийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хортой хоолоор үйлчилж, 23 хүүхдийг амиа алдахад хүргэсэн бага сургуулийн захирлыг баривчиллаа. Сургуулийн захирлыг эмгэнэлт хэрэг болсноос хойш хайж байсан хэмээн албаныхан мэдээллээ. Харин захирал эмэгтэй Мийна Кумари өчигдөр өөрөө ирж баривчлуулсан байна. Албаныхан түүнийг хортон шавьж устгах хор яагаад сургуулийн үдийн хоолонд орсныг тайлбарлана хэмээн хүлээж байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагт Бихар мужийн Патна хотоос 80 км-т орших Масрах тосгоны бага сургуульд будаа, шар буурцагтай бас хортон шавьж устгах хортой хоолоор үйлчилсний дараа хүүхдүүд бүгд бөөлжиж эхэлсэн юм. Хортой хоол идсэн 8-11 насны 23 сурагч амиа алдаж, 47 сурагч эмнэлэгт эмчлүүлж байна.
Хоолонд орсон хорны хэмжээг хүний биед маш хортой хэмээн шүүх эмнэлэг дүгнэсэн юм. Мөн тус сургуулийн гал тогоо ч бохир заваан байсныг албаныхан мэдээлсэн билээ.
Энэтхэгт өрхийн орлого доогуур айлын хүүхдүүдэд үнэгүй удийн хоол олгох хөтөлбөр орон даяар буюу 1.2 сая сургуульд хэрэгждэг аж.
Д.Идэр


























































