
Шүүх байгууллагын мэдээлснээр жолооч Франциско Жөүс Гарзон Амо нь өөрийгөө болчимгүй алхам хйисэн хэмээн мэдээлсэн байна. Тэрээр үүнээс өөр ямар нэгэн мэдэгдэл хийх, хариулт өгөхөөс татгалзсан байна.
Жолоочийг сулласан хэдий ч бичиг баримтыг нь шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Мөн түүнд Испани улсаас зөвшөөрөлгүй гарахыг хориглосон байгаа гэлээ.
Өнгөрсөн бямба гарагт 52 настай жолооч Гарзонд гав зүүлгэн эмнэлгийн өрөөнөөс шүүхийн газарт шууд авчраад байсан юм. Ослоор амиа алдсан болон бэртэж гэмтсэн олон арван хүний гэр бүл, найз нөхөд түүнд хатуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

Жолооч галт тэрэгний компанид 30 жил ажилласан бөгөөд жилийн өмнөөс шугамын жолоочоор ажиллаж эхэлсэн байна. Аймшигт ослын үед галт тэрэг зохих хурдны хязгаараас хоёр дахин илүү хурдтай явсан юм.
Ослоор 79 хүн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ. Мадридаас Феррол хотыг зорьж явсан галт тэргэнд 218 хүн зорчиж явсан бөгөөд осолдох үед бүх вагонууд нь унасан юм. Энэхүү осол Испанийн түүхэнд байгаагүй хамгийн гамшигт ослоор тодроод байна.
Дараагийн сонсгол хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй байна.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)