Хоёр жилд нэг удаа зохиогддог ОУ-ын газарзүйн дэлхийн аварга шалгаруулах олимпиад буюу "The National Geographic World Championship"-д анх удаа монгол хүүхдүүд оролцож байна. ОХУ-ын Санкт-Петербург хотод болж байгаа энэ тэмцээний эхний шатанд монгол хүүхдүүд амжилттай оролцжээ. "Г.Төрболд, У.Баярбат, Л.Амарболд нар өчигдөр явагдсан тэмцээнээр Санкт-Петербург дэх дурсгалт газрууд руу хамгийн богино хугацаанд явган аялаж, хамгийн их мэдээлэл цуглуулж, мэдээллийн хамгийн чухал хэсгийг сонгон 5 минутанд багтаж танилцуулга хийх даалгаврыг маш амжилттай гүйцэтгэн олон улсын багш, сурагчдыг үнэхээр гайхшруулж чадлаа. Олон хүн танай орны хүүхэд бүр ийм мундаг уу, ийм царайлаг уу, Англи хэл танай хоёр дахь хэлүү? Гэж асууж байлаа” хэмээн Санкт-Петербург хотоос бидэнд National Geographic Kids Монгол сэтгүүлийн ерөнхий редактор Э.Цолмон мэдээлжээ.
Энэ тэмцээнд Австрали, Чех, Болгар, Канад, Хятад, ОХУ, АНУ, Польш, Словак, Их Британи, Нигери, Мексик, Индонез, Энэтхэг, Унгар, Герман, Тайвань зэрэг 17 орны хүүхдүүд оролцож байна.


















































