
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийнхнээ хүйтэн мэсээр айлган сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах тохиолдол гарсаар байна. Хөвсгөл аймагт уржигдар Б гэх залуу хамтран амьдрагч бүсгүйгээ хутгалаад хэргийн газраас зугтсан талаар бид мэдээлсэн. Тус аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд сэжигтэн залууг саатуулсан байгаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө 52 настай Н-ийг дагавар хүү 22 настай Б.Батхүү нь согтуудаа хэд хэдэн удаа хутгалж хөнөөгөөд оргон зугтжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ хэрэгт эрүү үүсгэн, сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд долдугаар сарын 26-нд найзынх нь гэрээс олж баривчилсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)