“Дайны эрсдлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагууд Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. Ингэснээр тэдний гомдлыг 30 хоногт багтаан хэлэлцэх юм.Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан.
Тиймээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож, битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































