
Филиппин улсад амьдарч байхдаа өөрийн охин Ч.Тэргэлсарыг хүүхдийн эцэг болох Чарлыз Эдвард Эргенд алдсан гэх Монгол Улсын иргэн Т.Аянтунгаагийн талаар мэдэхгүй хүн ховор болсон биз ээ. Учир нь түүний талаарх мэдээлэл нэг хэсэгтээ хэвлэл мэдээллээр тасраагүй. Гэвч сүүлийн үед энэ хэргийн талаарх мэдээлэл хаагдмал байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Т.Аятунгаа нартай холбогдсон хэргийн шүүхийн шийдвэртэй танилцсан талаараа мэдээлсэн. Тэрбээр Филиппин улсын хууль сахиулах алба руу хандаж Т.Аятунгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон буюу таван сартай охиндоо мах өгч, архи уулгасан нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсныг олж мэдсэн байна. Т.Аятунгаа Филлипин улс руу төрсөн ээж Н.Солонгын хамт явсан байдаг. Тэд охин нь 38 хэм хүртэл халуурсан тул бөөгийн зан үйл үйлдэн өвчнийг нь намжаахаар тийм зүйл хийсэн гэж мэдүүлжээ. Энэхүү үйл явдлын дараа охины эцэг Чарлыз Эдвард Эрген Филлипин улсын хилээр гарч явсан тухай мэдээллийг өгсөн. Харин Ч.Тэргэлсар нэртэй иргэн хилээр гарсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй гэжээ. Ямартаа ч Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрах асуудлаар Гадаад харилцааны яам үргэлжлүүлэн ажиллаж байгаа.
Бид энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодруулах гэсэн боловч тэрбээр амралттай байж байгаад дөнгөж ажилдаа орсон учир мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэсэн хариуг өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/