Судлаачид БНХАУ-д шувууны ханиад анх удаа хүнээс хүнд халдсаныг тогтоожээ. “Британы эрүүл мэндийн сэтгүүл”-ийн мэдээлснээр 32 настай эмэгтэй шувууны ханиадаар халдварласан эцгийгээ асарч байгаад вирусын халдвар авсан байна. 60 настай эцэг нь шувууны захад ажилладаг байсан бол охин нь аавыгаа асрахаас өмнө тэжээмэл шувуутай ойр ажилладаггүй байжээ. Халдварлагчид хоёул амиа алдсан байна. Судлаачид хүнээс хүнд халдварласныг шинжлэх ухааны аргаар нотолж чадахгүй байгаа ч энэ бол яах аргагүй анхны тохиолдол хэмээн мэдээлсэн байна.
H7N9 вирусыг шувуунаас бус хүнээс халдварласан гэх өөр тохиолдол өдий хүртэл гараагүй юм. Гэхдээ мэргэжилтнүүд вирус хүнээс хүнд халдварлахдаа шувуунаас хүнд халдварлахаас маш хурдан тархдаг гэжээ.
Зургаадугаар сарын 30-ны байдлаар шувууны ханиад хамгийн их тархаж буй бүс нутаг болох Хятадын зүүн хэсгээр H7N9 вирусээр халдварласан 133 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн нь амиа алдаад байна.
Д.Идэр



























































