Тунисын нийслэлд арван мянга гаруй босогчид Исламын Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаалд нэгджээ. Бардогийн талбайд цугласан олон “Ард түмэн энэ дэглэмийг огцрохыг хүсч байна” хэмээн хашгирсан байна. Энэ нь хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон байна. Сөрөг хүчний нөлөө бүхий улс төрчид бусдын гарт амиа алдсаны дараагаас Тунисын ард түмэн эрх баригчдыг шүүмжилж, жагсаж эхэлсэн юм.
Сөрөг хүчний шилдэг улс төрч Чокри Белайд алагдсанаас хойш зургаан сарын дараа буюу өнгөрсөн сарын 25-ны өдөр Мохамед Брахми буудулж амиа алдсанаар ард түмэн Засгийн газрыг огцрохыг шаардсан байна.
Мөн огцрохыг шаардаж буйн гол шалтгааныг үндсэн хуулийг батлахгүй байгаатай холбон үзэж байна. Засгийн газар шинэ үндсэн хуулийг батална хэмээн амласан хугацаанаас найман сар өнгөрсөн ч энэ их ажлыг бүтээхгүй байгаа юм. Хэрвээ эрх баригчид шинэ үндсэн хуулийг баталвал сонгууль ирэх 12-р сард болох аж.
Д.Идэр



























































