Өчигдөр Пакистаны Карачи хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр халдлага гарч багадаа 11 хүн амиа алджээ. Мөн 24 хүн бэртэж гэмтсэний дотор олон тооны хүүхэд байсан байна. Бөмбөгийг мотоцикль дотор нуусан байсан бөгөөд хөлбөмбөгийн талбайн хажууд дэлбэлсэн байна.
Дэлбэрэлтийн дараа ямар террорист бүлэглэл энэ халдлагыг хийсэн хэмээн мэдээлээгүй байна. Албаныхны мэдээлснээр хохирогчдын дунд 6-15 насны хүүхэд олон байжээ.
Орон нутгийн нэгэн хэвлэл мужийн сайдыг хөнөөх зорилготой дэлбэрэлт байсан хэмээн мэдээлж байна.
Карачи хот нь Пакистаны халдлага ихээр гардаг нутгийн нэг юм. Өнгөрсөн гуравдугаар сард тус хотын Аббас тосгонд болсон дэлбэрэлтээр багадаа 45 хүн амиа алдаж, олон арван барилга байшин сүйдсэн юм.
Д.Идэр



























































