
Бамбар ирэх 10-р сарын зургааны өдөр Олимпийн түүхэн дэх хамгийн урт аяллыг эхлүүлэхээр Москва хотод ирэх аж. Бамбарыг 23 өдрийн турш 65 мянган км-т 3000 гаруй газраар аялуулах юм байна.
“Бид манай орны өвөрмөц онцлогийг харуулсан олон тооны хөтөлбөр боловсруулсан. Тэдний нэг нь бамбар Хойд туйлд аялах юм. Мөн задгай сансарт аялуулахаар “Роскосмос” сансрын агентлагтай гэрээ хийсэн” хэмээн Олимпийг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернишенко мэдээллээ.
Бамбарыг есдүгээр сарын 29-ны өдөр асаах аж.
Олимпийн наадмын дараа Паралимпийн бамбар арван өдрийн турш Оросын 46 хотоор аялах аж. Харин олимпийн нээлт, хаалтын сургуулилтыг ирэх сарын нэгнээс эхлүүлэх юм байна.
Мөн олимпийн наадмыг үзэх хоёрдугаар зэрэглэлийн тасалбарыг ирэх сараас худалдаалж эхлэхээр болсон аж. Нэгдүгээр зэрэглэлийн тасалбаруудыг өнгөрсөн тавдугаар сард худалдаалж дууссан юм. Паралимпийн наадмын тасалбарыг есдүгээр сарын 27-оос эхлэн худалдаалах аж.
Д.Идэр