Грекийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн тавдугаар сард түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн талаар тус улсын Статистикийн хороо өчигдөр мэдээллээ. Ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 27.6 хувьд хүрсэн байна. Харин өнгөрсөн жилийн мөн сард энэ тоо 23.8 хувьтай байсан билээ. Ажилгүйдэлд өртсөн ихэнх хүмүүс 15-24 насныхан аж. Энэ насныхны бүлгийн ажилгүйдлийн түвшин 64.9 хувьтай байна.
Энэхүү мэдээллийг Грекийн Ерөнхий сайд Антонис Самарас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Вашингтонд уулзахаас өмнө гаргасан байна. Уулзалтын үеэр Барак Обама Грекийг өрийн асуудлаа нимгэлэх алхмууд авч байгаад сайшаажээ. Гэхдээ Ерөнхий сайдыг ажлын байрыг ихээр танаж буй шийдвэрүүдээ шат дараатай хийж, эргэн харахыг санал болгосон гэлээ.
Грек эдийн засгийн бодлогоо чангалж эхэлсний улмаас ажлын байрыг олон мянгаар танасан нь иргэдийг жагсахад хүргэсэн билээ.
Д.Идэр



























































