Бразилийн прокурорууд Өмнөд Солонгосын электрон хэрэгслийн тэргүүлэх компани “Самсунг”-ийн Амазоны бүс нутаг дахь үйлдвэр хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгасан байна. Хуулийнхан салбар үйлдвэрт ажилчдыг хангалттай амрах завсарлагагүйгээр удаан ажиллуулж байсан тухай нотлох баримт дэлгэжээ. Манаус хотын Прокурорын газрын мэдээлснээр үйлдвэрийн нэг ажилтан өдөрт дунджаар 3000 гар утас савладаг бөгөөд 15 цагийн турш ямар ч завсарлагагүйгээр ажилладаг гэжээ.
Харин “Самсунг” компани хэрвээ ажилчид албан ёсоор энэ тухай гомдоллосон бол зохицуулах арга хэмжээг тухай бүрт нь авах байсан хэмээн мэдээлжээ. Тэд мэдэгдэлдээ “Энэхүү үйл явдлыг сайтар судалж, Бразилийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээжээ. Мөн ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд тустай нөхцөлөөр хангахыг зорьдог гэсэн байна.
Бразилийн Манаус хотын Чөлөөт худалдааны бүсэд байрладаг “Самсунг”-ийн үйлдвэрт 6000 гаруй хүн ажилладаг байна. Ажилчид нэг утсыг 32 секундэд угсардаг аж.
Д.Идэр



























































