Энэтхэгийн тэнгисийн хүчний шумбагч онгоц галд шатсаны улмаас живсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Мумбай хотын боомтод дэлбэрэлт болсны улмаас онгоц шатсан байна. Шумбагч онгоц живэхэд тавцан дээр тэнгисийн хүчний 18 гишүүн байжээ. Холбогдох албаныхан яаралтай тусламж явуулж багийнхныг аврахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн усан онгоцны засварын буудалд гарсан их хэмжээний галыг унтраахаар олон тооны гал сөнөөгч дайчлагдсан байна.
Энэхүү явдлыг осол байсан хэмээн мэдээлж байгаа ч холбогдох албаныханд хэргийн шалтгааныг тогтоохыг эрх баригчид даалгажээ.
Живсэн шумбагч онгоцыг ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 16 жилийн турш тэнгисийн хүчинд ашигласан байна. Энэтхэг улсын Тэнгисийн цэргийн албанд дизель түлшээр ажилладаг ийм төрлийн шумбагч онгоц 14 ширхэг байдаг байна.
Тус улс нь өнгөрсөн жил ОХУ-аас нэг тэрбум ам.доллараар цөмийн шумбагч онгоцыг 10 жил ашиглах гэрээ хийсэн билээ.
Д.Идэр



























































