Төрийн өндөр дээд албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, их
хэмжээний мөнгө завшсаныг нь хуулийн байгууллага илрүүлээд шалгаж
эхэллээ гэх мэдээлэл гарсаар нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Гэвч тэдний
хэрэг хэсэгтээ хэвлэлийнхний бай болсоор аажимдаа мартагдах нь олонтаа.
Тиймээс шүүхийн танхимд дуудагдах албан тушаалтнуудын хэрэг юу болж
байгааг 24tsag.mn нэхэн сурвалжиллаа
УИХ-ын гишүүн асан Д.Дондог эд хөрөнгөө хураалгаж, 10-15 жилийн ялаар шийтгүүлнэУИХ-ын гишүүн асан Д.Дондогийг олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан хэмээн 2008 оноос шалгаж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүй хэргийг түтгэлзүүлээд байсан. Харин 2012 оны сонгуульд сонгогдоогүй учир түүний хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад тэрээр өөрийн шадар туслахаар ажиллаж байсан Г.Сайнбаяраар дамжуулан “Меридан” гэх компаниас орон сууцны барилга барих зөвшөөрөл гаргуулж өгнө гээд 242 мянга ам.доллар, 400 сая төгрөг залилан авч, уг мөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан нь тогтоогдсон билээ. Тиймээс Д.Дондогийг онц их хэмжээний мөнгийг бусадтай бүлэглэн залилж авсан хэмээн Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж эсэргүүцэл бичжээ. Уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн шүүх хэлэлцэхээр болоод байна. Хэрвээ УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгөө хураалгаж, 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
“МИАТ”-ийн экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ“Дайны эрсдлийн даатгалын сан” гэгчийг бий болгож ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудад анхан шатны шүүхээс 10-14 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, тэднийг Япон, Хонгконг дахь зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулан, мөнгө завшиж, угаасан хэрэгт буруутган ялласан юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хянан хэлэлцэж, 30 хоногийн дотор шүүх хурлын товыг гаргах юм байна. Баянзүрх дүүргийн шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож, битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Харин уг хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест Вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарыг тусгаарлан шалгахаар болсон билээ.
Ч.Ганзоригийн хэргийг прокурор хянана
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт Улсын мөрдөн байцаах газраас албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Тэгвэл уг хэргийг өчигдөр УМБГ-аас Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хувийн компанид батлан даалт гаргаж 160 сая. ам.долларыг Английн “Стандарт” банкны Өмнөд африк дахь салбараас зээлэхэд оролцсон хэрэгт буруутгаж байгаа юм.
С.Ганбаатар гишүүний хэргийг хэрэгсэхгүй болголоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг АТГ-аас хэрэгсэхгүй болгожээ.
Тэднийг өнгөрсөн зургаадугаар сард МҮЭХ-ны удирдлагаас МҮЭХ-ны тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн автобаазын газар дээр орон сууц барих, уг баригдсан орон сууцнаас ҮЭХ-нд ажиллагсдад тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутган шалгаж байсан юм. Гэвч энэ нь нотлогдоогүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Ё.Отгонбаяр, А.Эрдэнэсолонго нарыг шалгасаар байнаУИХ-ын гишүүн, Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Ё:Отгонбаярын хэргийг АТГ-аас шалгаж, УМБГ-т шилжүүлсэн бол О.Эрдэнэсолонгыг хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна. Ё.Отгонбаярыг бусдад авлига өгөхийг завдсан, бусдыг дарамтлуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан бол сүүлд Багшийн хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгөөр бариулах явцдаа хууль зөрчиж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэрэг дахин нэмэгдсэн юм. Харин эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хувьд 20 гаруй нууц данс илэрсэн учраас ийнхүү шалгасаар байна.
Тендерээс төрсөн тэрбумтан Н.Түмэндэмбэрэлийн хэргийг АТГ-т шалгаж байнаЭрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарын хэргийг УМБГ-т шалгаж байсан албан тушаалын шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлжээ. Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад зарим холбогдогчийг батлан даалтад гаргасан ч Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг цагдан хорьсон хэвээр байна.
ТУЗ-ын гишүүдийн хэргийг АТГ-т шилжүүлнэХууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг УМБГ-аас шалгаж байсан. Учир нь тэд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр байхдаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүстээ орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан хэрэгт буруутгагдсан юм. Харин тэдний хэргийг албан тушаалын шинжтэй үйлдлүүдтэй хэмээн харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлэхээр болсон байна.
Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг нийслэлийн Шүүхэд өнөөдөр хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа аж.
“Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэлээ“Жаст” группийн ерөнхийлөгч асан, хуучнаар "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон байна.
Ш.Батхүүд эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулах аж.




















































Сэтгэгдэл (3)