
Cаудын Арабын хаан Абдуллах тус улсын хамгийн тарган, илүүдэл жинтэй иргэнд туслахаар болжээ. 610 кг жинтэй, 19 настай Халид Бин Мохсен Шаари нь илүүдэл жингээсээ болж өөрөө хөдөлж чаддаггүй, бусдын хараа, хяналтанд байдаг нэгэн юм. Түүнийг Riyadh хотын эзэн хааны эмнэлэгт эмчлэхээр болсон бөгөөд тураах олон янзын хөтөлбөр багтаж байгаа гэнэ. Одоогоор мэс засал хийх тухай яригдаж эхлээгүй байгаа ч Халид Бин Мохсен Шаарийг хэвийн жинд нь оруулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд "CNN"-д мэдээлсэн байна. Халид Бин Мохсен Шаари нь дөнгөж 19 настай ч өөрөө явж чадахгүй байгаа нь эзэн хааны санааг ихэд зовоожээ.
2006 онд дэлхийн хамгийн тарган хүнээр тодорсон Мексикийн иргэн Мануэль Урибе телевизийн шоунд оролцоод 444 кг болтлоо турж байсан юм. Тиймээс залуу хүүг хэвийн амьдралд нь эргүүлж оруулж чадна гэж эмч нар найдаж байгаа аж.
НҮБ-аас гаргасан судалгаагаар Кувейт улсын иргэдийн 42,8 хувь нь мөн Саудын Арабын иргэдийн 35,2 хувь нь илүүдэл жинтэй байдаг байна.