
Энэтхэгт эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлсэн хэргийн тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр фото сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй Мумбай хотод гэмт хэрэгтнүүдийн халдлагад өртжээ. Хохирогчтой хамт явсан эрэгтэйг гэмт хэрэгтнүүд зодож гэмтээсэн байна. Фото сэтгүүлч эмэгтэй одоогоор Мумбай хотын эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой болжээ. Энэ хэрэгт нийт 16 хүнийг сэжиглэн хориод байгаа гэж "BBC" мэдээллээ. Бүсгүй таван хэрэгтний ам зургийг цагдаа нарт гаргаж өгсөн байна.
Өмнө нь 23 настай оюутан эмэгтэйг автобусанд хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг Энэтхэг орныг цочроогоод байсан юм. Энэ хэрэгт ялангуяа эмэгтэйчүүд ихэд эгдүүцэн хэрэгтнүүдийг яаралтай олж, хатуу шийтгэхийг шаардаж эхэллээ.