Энэ оны эхний зургаан сард дэлхийн орнуудын Засгийн газар, тусгай албадууд “Фэйсбүүк” компаниас шаардлагатай хэрэглэгчдийн тухай мэдээллийг өгөхийг албан ёсоор олон удаа хүссэн байна. Нийт 74 орны Засгийн газар 38 мянган фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг өгөхийг тус компанийн удирдлагуудаас хүсчээ. “Фэйсбүүк” компани өчигдөр анх удаа олон улсын засгийн газрын хүсэлтийн тайланг олон нийтэд мэдээлсэн юм.
АНУ хамгийн олон буюу 20-21 мянган фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хүссэн бол Их Британийн эрх баригчид 2337 хэрэглэгчийн мэдээллийг авахыг хүсчээ.
“Фэйсбүүк” компанийн хуульч Колин Стретч цаашид засгийн газруудын хүсэлтийн тайланг зургаан сар тутамд мэдээлэх болно гэжээ. Гэхдээ засгийн газрууд хэрэглэгчийн мэдээллийг ямар шалтгаанаар авахыг хүссэн тухай мэдээлэл хийгээгүй байна.
“Privacy International” хүний эрхийн байгууллага “Фэйсбүүк” компанийг мэдэгдэл хийснийг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ хэрэглэгчдийн мэдээллийг Засгийн газарт өгсөн эсэхэд ямар нэгэн тайлбар хийгээгүй нь эргэлзээ төрүүлж байна гэжээ.
Д.Идэр



























































