
Арьс өнгөөр ялгаварлах үзлийг үгүй хийхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн илтгэлийн ойг тэмдэглэх арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцжээ. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Б.Обама Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байгаа нь 50 жилийн өмнө Мартин Лютер Кингийн тавьсан илтгэл болон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэгчдийн гавъяа гэдгийг онцолсон байна.
Тэрээр “Тэд жагссан учраас хотын зөвлөл, төрийн хууль тогтоогчдын бодлыг өөрчилсөн. Конгресс ч өөрчлөгдөж эцэст нь Цагаан ордон ч бас өөрчлөгдсөн. Тэд жагссан учраас АНУ илүү эрх чөлөөтэй, шударга улс болсон” гэжээ.
Барак Обама хагас зууны өмнө Мартин Лютер Кингийн илтгэлээ тавьсан газар буюу нийслэл Вашингтон хотод байрлах Линкольний дурсгалын өмнө ийнхүү үг хэлжээ.
1963 оны наймдугаар сарын 28-ны өдөр Мартин Лютер Кингийн илтгэлийг 250 мянга гаруй тэмцэгч шимтэн сонсч байсан юм.
Д.Идэр











