ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарт эмэгтэй хүний дотуур хувцас өмсүүлж элэглэн зурсан зургийг Петербург хотын галлерейд тавьсан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тэгвэл энэ зургийг зурсан уран бүтээлч эх орноосоо оргон зайлсан тухай мэдээллээ. “Хүч чадлын музей” нэрт галлерейд байршуулсан “Лидерүүд” хэмээх зургийг уран зураач Константин Алтунин зуржээ. Тэрээр өчигдөр ОХУ-аас оргон зайлсан бөгөөд Франц улсыг зорьсон гэх мэдээлэл байна. Константин Алтунин Францаас улс төрийн орогнол хүсч магадгүй хэмээн галлерейн ерөнхий захирал Татъяна Титова мэдэгдсэн байна.
Зурагт хэт бариу банзал өмссөн Ерөнхийлөгч В.Путин эмэгтэй дотуур өмд өмсч, хөхөвч зүүсэн Ерөнхий сайд Д.Медведевийн үсийг самнаж байгаагаар дүрсэлсэн байжээ.
ОХУ-ын Цагдаагийн газар дээрх зураг нь хууль зөрчиж байна хэмээн үзэж өчигдөр хураан авсан юм. ОХУ-д эрх баригчдыг доромжилсон тохиолдолд дээд тал нь нэг жил хорих ялыг тусгасан хууль байдаг аж.
Д.Идэр





























































