
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үнэт цаасны тухай хуульд заасан үүрэг биелүүлээгүй, мэдээллээ дэлгэж танилцуулаагүй, зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй учраас 57 компанийг бүртгэлээс хасах шийдвэр гарчээ. Тэдний дунд хамгийн ихдээ “Монгол эд импекс” ХК 1.1 сая ширхэг хувьцаа, “Цагааннуур” ХК 1.3 сая ширхэг хувьцаа, “Сэлэнгэ гур.тэж” компани 787 мянган хувьцаа тус тус гаргасан томоохон аж ахуйн нэгж ч багтжээ. Цаашид нэр бүхий компаниуд удирдах зөвлөлийн хурлаа хийж, компаниа татан буулгах эсвэл үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх боломжтой. Хамгийн чухал нь Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлтээ энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор гаргахыг сануулжээ. Хугацаанд багтаагүй тохиолдолд албадан татан буулгах ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Идэвхгүй компаниудад сануулга өгөх ажил Хөрөнгийн биржийн бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт хүргэх бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжиж буй юм. Ажил цааш үргэлжлэх тусам үйл ажиллагааны доголдолтой компаниудад халтай болно гэсэн үг.