Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын
гал түймрийн 8, гал түймрийн зөрчлийн 8, цогцос гаргах 2, аврах
ажиллагааны 1, мал амьтантай холбоотой 1 дуудлага ирж нийслэлийн Аврах
анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Аврах, гал унтраах ангиуд
шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23
дугаар хороо, Хангайн дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн
дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7
метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг, дотор талд хураалттай эд зүйл
шатаж байсныг унтраажээ. Мөн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар буудлын урд машин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад тоёота кролла загварын автомашин онхолдсоны улмаас бүрэн шатаж байсныг унтраажээ. Уг автомашины жолооч 22 настай эрэгтэй, зорчигч 23 настай эрэгтэй нарын нүүр, гар, цээж, хөлний хэсэг түлэгдсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































