БНСУ болон БНАСАУ-ын эдийн засгийн хамтын бүс “Кайсон” үйлдвэрлэлийн цогцолборын хамтын удирдлагын хорооны анхны уулзалт өчигдөр боллоо. Хоёр талын төлөөлөгчид орон нутгийн цагаар 10:00 цагт Хойд Солонгосын хилд байрлах “Кайсон” бүсэд уулзалтаа эхлүүлсэн байна. Уулзалтын эхэнд төлөөлөгчид үйлдвэрлэлийн бүсийг сэргээх хамтын хороог байгуулах баримт бичигт гарын үсэг зуржээ. Кайсоны асуудлаарх энэ удаагийн уулзалт анх удаа орон нутгийн сэтгүүлчдэд нээлттэй болсныг албаныхан онцолж байна.
Төлөөлөгчид үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх цагийн хуваарийг болон үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцжээ. Мөн хамтын хороо улирал тутамд нэг удаа тогтмол уулзалт зохион байгуулахаар болсон байна. Үүнээс гадна аюулгүй байдал, чанарын хамгаалалт, нэвтрэх хэсэг болон харилцаа холбооны дөрвөн дэд хороо нь сард нэг удаа уулзахаар болжээ.
Солонгосын хойгийн байпал хурцадсаны улмаас Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хилд байрлах Кайсон бүсийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Ингэснээр Өмнөд 123 компани, Хойд Солонгосын 53 мянган иргэн ажилгүй болсон билээ.
Д.Идэр



























































