Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэж буй НҮБ-ын багийнхан өчигдөр мэдээлэл хийлээ. Албаныхны мэдээлснээр иргэний дайнд нэрвэгдсэн Сирид дотооддоо л гэхэд таван сая хүн шилжих хөдөлгөөн хийжээ. Мөн Сирийн хоёр сая гаруй иргэн хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэжээ. Ингэснээр нийтдээ долоон сая гаруй буюу Сирийн хүн амын гуравны нэг нь дайны байдлаас болж орон гэрээ солиход хүрсэн байна.
АНУ-ын мэдээлснээр Сирийн сөрөг хүчин болоод эрх баригчдын 2.5 жилийн мөргөлдөөн 100 мянга гаруй хүнийг амиа алдахад хүргээд байгаа юм.
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сирид химийн зэвсэг ашигласан асуудал олон улсын мэдээллийн халуун цэг болоод байгаа юм. АНУ тэргүүтэй барууныхан Башар Ал Ассадын тэргүүлсэн Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж байгаа бол ОХУ болон БНХАУ-ууд үүний эсрэг байр суурьтай байна.
Д.Идэр



























































