ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их хорь”-ийн уулзалтын өмнөхөн АНУ-ыг НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Сирийн эсрэг нэг талыг баримталсан арга хэмжээ авахгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ тэд энэхүү явдыг нэг талаас харан хөндлөнгөөс оролцвол түрэмгийлсэн хэрэг болно хэмээн В.Путин хэлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путины “Channel 1” телевизэд өгсөн ярилцлагыг Кремль лхагва гарагт албан ёсны веб хуудаснаа нийтэлсэн байна. В.Путин “Барак Обамагийн засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой. Химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг нотлох нотолгоо байгаа бол түүнийгээ Аюулгүйн зөвлөлд үзүүлэх ёстой” гэжээ.
Владимир Путин Сири химийн зэвсэг хэрэглэснийг сайтар нотлох юм бол ОХУ ч бас үүнийг эсэргүүцсэн шийдэмгий арга хэмжээ авах болно хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн тэрээр ОХУ бусад орны зөрчилдөөнт асуудалд яаран оролцохгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Д.Идэр



























































