
“Тепко”-гийн мэдээлснээр шинээр нээсэн бохирдсон усанд нэг литр тутамд 3200 беккерель цацраг идэвхит бодис илрүүлжээ. Цацраг идэвхит бодисонд хордсон усны шинэ талбар илрүүлсэн нь үйлдвэрийн гадаргын усанд хорт бодис хүрсний тэмдэг хэмээн Японы хэвлэл бичсэн байна.
Олон улсын атомын энергийн агентлаг цөмийн шинжээчдийг удахгүй япон луу явуулж хордсон усыг шинжүүлнэ хэмээн мэдээлсэн байна.
Энэ сарын эхээр Японы Засгийн газар цацраг идэвхит бодис бүхий усны тархалтыг зогсоох мөсөн хана барина хэмээж, уг төсөлд 47 тэрбум иен буюу 473 сая ам.долларын хөрөнгө оруулахаа зарласан билээ. 2011 онд болсон цунамийн үеэр “Фукушима 1” атомын цахилгаан станцын цөмийн реакторуудад гэмтэл гарснаас их хэмжээний цацраг идэвхит бодис гадагшилж байсныг мэргэжилтнүүд нотлоод байгаа юм. Өнгөрсөн сард “Фукушима” станцаас өндөр хэмжээний цацраг идэвхит бодис агуулсан 300 тонн ус алдагдсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн юм.
Олон улсын стандартын дагуу бол цацраг идэвхит бодисын аюулын түвшинг 0-7 хүртлэх үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд “Фукушима”-гийн бохирдлыг хэмжээг гуравдугаар түвшинд хүрсэн хэмээн зарлаад байгаа билээ.
Д.Идэр