
12 дугаар сард зургаан залуу автобусанд явсан оюутан эмэгтэйг харгисаар зодож, хүчирхийлсэн хэрэг Энэтхэгийн ард түмнийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө босоход хүргэсэн юм. 23 настай хохирогч эмэгтэй шархаа даалгүй амиа алдсан билээ.
Киног найруулсан Болливүүдийн уран бүтээлчид энэхүү кино нь хүчирхийлэл үйлдэхээс өмнө нэгийг бодох ёстой гэсэн айдсыг эрчүүдэд төрүүлэх болно хэмээн амлаж байна.
Кинонд эмэгтэйг хүчирхийлэхээр гэрт нь орсон этгээдийг гол дүрийн бүсгүй урхи тавин аймшигтайгаар зовоож байгааг харуулжээ. Уран бүтээл бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бүсгүйчүүдэд урам зориг хайрлаад зогсохгүй цагдаа дууд, эсвэл гэмт хэрэгтэнтэй тэмцэж хөнөө гэсэн санааг илэрхийлж байгаа аж.
23 настай оюутан охиныг хүчирхийлсэн таван залууг шүүх хурал өнөөдөр болж байгаа юм. Олон хүн тэдэнд ялын дээд хэмжээ онооно хэмээн найдаж байна. Хэрэгт холбогдсон өсвөр насны хүүг өнгөрсөн сард шүүсэн бөгөөд хүүхдэд олгодог дээд ял буюу гурван жил хорих ял оноосон билээ.
Д.Идэр