
“Климака” байгууллагын тайлагнаснаар Грект 2007 онд амиа хорлосон 328 тохиолдол гарсан бол 2011 онд 477 болж өссөн байна. Энэхүү судалгааг Грекийн Статистикийн газраас өгсөн байна. Харин “Климака” үргэлжлүүлэн судалгаа хийж 2012, 2013 онуудад амиа хорлолт 45 хувиар өссөнийг тогтоожээ.
Грек улс санхүүгийн хямралд орсноор ажилгүйдэл ихэссэнээс гадна Засгийн газраас ажлын байрыг танах бодлого явуулснаар олон мянган өрх айл ядуурахад хүрээд байгаа юм.
Судалгаагаар тус улсын амиа хорлосон эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс дөрөв дахин их байгаа аж. Амиа хорлогч эрчүүдийн ихэнх нь 50 гаруй насныхан бол эмэгтэйчүүд 30 насныхан байсан байна. 2011 онд амиа хорлосон хүмүүсийн 43 хувь нь ажилгүйгээс, 25.7 хувь нь санхүүгийн асуудлаас болжээ.
Амиа хорлосон нэг тохиолдол бүхийн цаана 30 оролдлого байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Д.Идэр