“Твиттер” компани хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгохоор шийдсэн тухайгаа өчигдөр мэдээллээ. Гэхдээ АНУ-ын “Үнэт цаас, Хөрөнгийн зах зээлийн хороо” тус компанийн хүсэлтийг зөвшөөрч хэлэлцээ хийгдтэл мэдээллийг нууцлахаар шийдсэн байна. Тиймээс “Твиттер”-ийн хэвлэлийн төлөөлөгч эл асуудлаар өөрсдөө мэдэгдэл хийх хүртлээ тайлбар хийхгүй хэмээн мэдэгдсэн байна. Үнэт цаас, Хөрөнгийн зах зээлийн хороо албан ёсны сайтад мэдээлснээр жилд нэг тэрбум ам.доллараас илүү орлоготой компанийг өсч буй компани гэж үзэх бөгөөд IPO хийхийг зөвшөөрнө хэмээн бичжээ.
“Фэйсбүүк” компани өнгөрсөн оны тавдугаар сард IPO хийснээс хойш энэ асуудалд “Твиттер” анхаарлаа хандуулж, удахгүй хувьцаагаа санал болгоно гэсэн шуугиан олон удаа дэгдэж байсан билээ.
2006 онд үүсгэн байгуулагдсан “Твиттер” өдгөө 200 сая гаруй идэвхитай хэрэглэгчтэй дэлхийн хамгийн томоохон нийгмийн сүлжээ компаниудын нэг болсон билээ. Өнгөрсөн сард тус компани секунд тутамд 143199 хүн жиргэж байдаг тухай мэдээлсэн юм.
Д.Идэр





























































