
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Швейцарийн Женев хотноо хйисэн хэлэлцээрийн үр дүнг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа Сирийн сөрөг хүчин зөвшилцлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Сирийн Чөлөөт армийн коммандлагч Салим Идрис Башар Ал Ассад болон түүний хамсаатан ОХУ цаг авах тоглоом тоглож байна хэмээн мэдэгджээ. Тэрээр “Химийн зэвсэг хэрэглэх тушаал өгсөн алуурчин Башарыг яах вэ? Түүний хийсэн зүйлийг бид мартах ёстой гэж үү? Бид олон улсын хүрээнд химийн зэвсэг хэрэглэсний хариуд иймхэн хариуцлага тооцож байгаад сэтгэл дундуур байна. Бидэнд ямар ч итгэл алга” хэмээн Истанбулд хэвлэлийн хурал зарлаж мэдээлсэн байна.
АНУ, ОХУ-ын зөвшилцлийн хүрээнд Сири улс химийн зэвсэг нөөцөлж буй агуулахуудын иж бүрэн жагсаалтаа нэг долоо хоногийн хугацаанд гаргаж өгөхөөр болсон юм. Мөн олон улсын шинжээчид ирэх 11-р сар гэхэд Сирид очих бөгөөд химийн зэвсгийг устгах эсвэл шилжүүлэн өгөх ажлыг 2014 оны дунд үе гэхэд дуусгахаар болсон билээ.
Харин Сирийн босогчид АНУ цэргийн интервэнц хийхээ больсон нь Башар Ал Ассадыг дэмжиж буйтай адил хэрэг боллоо хэмээн буруутгаж байна. Генерал Салим Идрис “Башар Ал Ассадын дэглэм химийн зэвсгүүдээ аль хэдийн Ливан, Иракт байршуулаад эхэлсэн нөхцөлд химийн зэвсгийг устгаж дуусах хугацааг хэтэрхий урт буюу 2014 оноор тогтох нь буруу” гэсэн байна. Мөн Башар Ал Ассад өнгөрсөн долоо хоногт ч химийн зэвсэг дахин ашигласан хэмээн хурлын үеэр хэлжээ. Түүний мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт Дамаск хотын захын Жобар дүүрэгт химийн хорт хий ашигласны улмаас 15 хүн гэмтэж бэртсэн гэжээ.
Д.Идэр