Өчигдөр Дамаск хотод Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад Америкийн “Fox News” телевизийнхэнд ярилцлага өгчээ. Тэрээр химийн зэвсгээ устгана хэмээн мэдэгдсэн ч энэ их ажлыг хийхэд нэг жилийн хугацаа шаардахаас гадна нэг тэрбум ам.доллар зарцуулна хэмээн анхааруулсан байна. Мөн тэрээр Сирийн эрх баригчид АНУ-ын цэргийн дайралтаас айж химийн зэвсгээ устгуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, харин дотны холбоотон ОХУ-ын саналыг хүлээн зөвшөөрсөн хэмээн хэлжээ.
Башар Ал Ассад Сирийн террорист бүлэглэлүүд 1400 хүний амийг хөнөөсөн химийн зэвсэгт халдлагыг үйлдсэн гэжээ. Тэрээр “Террорист бүлгүүдийн сарин хийг ашигласан гэх нотолгоог ОХУ-д шилжүүлсэн бөгөөд ОХУ хиймэл дагуулынхаа тусламжтайгаар өнгөрсөн сарын 21-ний халдлага тэдний бүс нутгаас хийгдсэн болохыг тогтоосон” гэсэн байна.
Башар Ал Ассад сарин хийг Сирийн босогчид л ашигласан гэдгийг батлахыг хүсчээ. “Сарин хийг гал тогооны хий гэж нэрлэдэг. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Энэ хийг хэн ч гэртээ хийж чаддаг болохоор тэр. Сирийн ямар ч босогч сарин хийг хийж чадна” гэжээ.
Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ярилцаж үзээгүй гэсэн байна. Мөн хэрвээ тэр надтай уулзахыг хүсвэл юу ярихаас шалтгаалан зөвшөөрөх эсэхээ шийднэ гэсэн байна. Башар Ал Ассад Б.Обамад хандан “Америкийн ард түмний нийтлэг ойлгоцыг дага” хэмээн хэлжээ. Судалгаагаар америкчуудын ихэнх нь Сирид цэргийн интервэнц хийхийг эсэргүүцэж байсан юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (3)