Исламын ертөнцийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World Muslimah 2013” тэмцээн Индонезийн нийслэл Жакарта хотноо өчигдөр өндөрлөж ялагчаа тодрууллаа. Энэ жилийн гоо бүсгүйн титмийг Нигерийн мисс Обабие Айшах Арибола хүртсэн байна. 21 настай Обабие Айшах Арибола эцсийн шалгаруулалтад үлдсэн 20 орны оролцогчдоос тэргүүлсэн юм. Түүнд гоо бүсгүйн титмийн хамт 25 сая рупи буюу 2200 ам.долларын шагнал дагалдан очиж байгаа юм. Мөн Саудын Арабын Мекка болон Энэтхэгт аялах эрхийн бичиг олгожээ.
Исламын хуулийн дагуу оролцогчид бүгд алчуур зүүж зөвхөн нүүрээ л ил гаргаж өрсөлдсөн юм. Тэднийг загвараа хэр сайн үзүүлсэн болон коран судрын мэдлэгийг нь шалгаж ялагчийг шалгаруулжээ.
Д.Идэр



























































