АНУ-ын ашгийн төлөө бус байгууллага тус улсын нисэгчгүй онгоцны дайралтуудад амиа алдсан Пакистаны иргэдийг нэрлэх төслийг өчигдөр эхлүүлжээ. Вашингтон энэ төрлийн дайралтуудаа бууруулахад анхаарлаа хандуулахгүй байгаа учраас төслийг эхлүүлсэн хэмээн холбогдох төлөөлөгчид нь мэдээлээ. Лондонд төвтэй “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн агентлаг” байгууллага “Naming the dead” буюу амиа алдагсдыг нэрлэх төслөө эхлүүлэхээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш бэлджээ. Олон нийтээс хандив цуглуулах ажиллагаа амжилттай болсон учраас төслөө эхлүүлэхэд бэлэн болсон байна.
“Бид дайралтад амиа алдсан пакистан иргэдийн зөвхөн 20 хувийг нь хэн болох тухай мэдээлэл авдаг. Харин 2000 гаруй амиа алдагсдын хэн байсан талаар ямар ч мэдээлэл гардаггүй” хэмээн агентлагийн тэргүүн Крис Вүүдс ярьжээ. Мөн АНУ-ын эрх баригчид нисэгчгүй онгоцны дайралтад өртөгсдийг үхэх ёстой террористууд хэмээн хэлдэг ч бид тэднийг чухам хэн байсныг нь бодитоор мэдэхгүй гэжээ.
Зорилгоо биелүүлэхийн тулд агентлагийнхан тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй сэтгүүлчид, судлаачидтай холбоо тогтоохоос гадна Пакистаны шүүхийн баримт бичгүүдтэй нарийн танилцах аж.
“Шинэ Америк” сангийн мэдээлснээр 2004 онд эхэлсэн нисэгчгүй онгоцны дайралтуудад пакистаны 3394 иргэн амиа алдсан байна.
Д.Идэр



























































