Кенийн нийслэл Найробийн дэлгүүрт зургаан террористыг устгасан хэмээн Кенийн үндэсний телевиз өчигдөр мэдээллээ. Тус улсын хамгаалалтын хүчнийхэн террористуудыг устгасан байна.Өнгөрсөн амралтын өдөр буугаар зэвсэглэсэн 10-15 террорист Найроби хотын худалдааны төвийг эзлэн авч, олон хүнийг барьцаалаад байсан юм. Барьцаалагсдын дунд байсан Кенийн иргэдээс гадна Австрали, Их Британи, Гана, Энэтхэг, Канад, БНХАУ, Нидерланд, Шинэ Зеланд, Перу, АНУ, Франц болон Өмнөд Африкийн иргэд амиа алдсан юм.
Кенийн батлан хамгаалах хүчнийхэн өчигдөр таван давхар худалдааны төвийг чөлөөлөх ажиллагааг амжилттай явуулж ихэнх барьцаалагдсан хүмүүсийг сулласны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. “Одоо худалдааны төв бидний хяналтад байгаа” хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
62 хүний аминд хүрсэн халдлагыг Сомалийн исламистууд болох “Аль-Шабааб” цэргийн бүлэглэл үйлдсэнийг тогтоогоод байна. Дээрх халдлагыг үйлдсэн нь Кенийн цэргүүд Сомалийн хэт даврагсдыг устгах үйл ажиллагаанд оролцож буйд хариу барьж байгаа хэрэг хэмээн үзэж байна.
Д.Идэр



























































