
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын гурван дипломат ажилтныг эх орноосоо хөөж байгаагаа олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр нэр цохсон гурван дипломатыг улс орных нь эдийн засгийг сүйрүүлэхийг оролдсон гэж буруутгасан байна. Тэднийг Венесуэлийн зарим компанийг хээл, хахуулийн замаар гартаа оруулах гэж оролдсон гэж тэрбээр мэдэгдсэн бөгөөд 48 цагийн дотор тус улсыг орхин гарахыг шаардсан байна. АНУ болон Венесуэлийн харилцаа сүүлийн арван жилд муу байсаар ирсэн. Нийслэл хотуудад ч элчин сайдуудаа томилоогүй. Америкчуудад дургүй байсан гэх Уго Чавесийн орыг залгамжилсан Николас Мадуро хэвлэлийн бага хурлын үеэр "Янкууд явцгаа" гэж хэлсэн нь шуугиан тариад байгаа юм.
Хэдийгээр Венесуэлд гурил, элсэн чихэр, ариун цэврийн цаас зэрэг зарим өргөн хэрэглээний бараа хомсдоод байгаа ч АНУ-тай харилцаагаа сайжруулахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж. Дээрх гурван дипломат ажилтны асуудал улам хурцатгаж орхилоо. Харин Венесуэлийн Засгийн газар АНУ-ын гурван дипломатыг хөөх болсон талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.