АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсох нь гарцаагүй боллоо. Тус улсын Төлөөлөгчдийн танхим болон Сенат ирэх жилийн төсвийг 10-р сарын нэгний дотор хугацаанд нь баталж чадаагүйгээс ийнхүү төрийн байгууллагуудад төсвөөс мөнгө шилжүүлэх боломжгүй болоод байна. Хэрэв гишүүд, төлөөлөгчид шөнийн 12.00 цагаас өмнө төсвийг баталсан бол Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байсаар АНУ-д одоо шөнийн 02.00 цаг өнгөрч байна. Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу мөнгө төсөвлөхийг Төлөөлөгчдийн танхим, Сенатын гишүүдийн тал нь дэмжиж, тал нь дэмжихгүй байгаагаас гацаа үүсээд байгаа юм. Энэ хооронд төрийн байгууллагын үндсэн ажилтнууд ажлаа хийх ч 800 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин болон бусад урсгал зардлыг төсвөөс гаргах боломжгүй болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн сургуулиудын үйл ажиллагаа доголдож, музей, амьтны хүрээлэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрууд хаалгаа барих аж.
Талууд одоог хүртэл бие биенээ буруутгасаар байгаа бол Ерөнхийлөгч Б.Обама төрийн албан хаагчдыг түр хугацаанд цалингүй ажиллахыг уриалсан байна. АНУ-д 10-р сарын нэгний өглөө болоход эрх баригчид ямар мэдэгдэл хийх нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Б.Баяр



























































