
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх долоо хоногт Малайз улсад хийх байсан айлчлалаа цуцаллаа. Конгрессийн гишүүд ирэх жилийн төсвөө баталж чадаагүйгээс АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод байгаа билээ. Тиймээс ийм гацаатай, хүнд үед айлчал хийх боломжгүй болсон байна. Харин түүний оронд тус улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Малайзад айлчлахаар болсон гэж Цагаан ордноос мэдээллээ. Малайзад өмнө нь 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч айлчилж байсан бөгөөд Б.Обамагийн хувьд анхны айлчлал нь болох байсан аж.
Б.Обама Засгийн газрын үйл ажиллагаа зогссонд бүгд найрамдахчуудыг буруутгаж байгаа бөгөөд улс төрөөс болж иргэдийн ажил, амьдралд саад учрах ёсгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь Б.Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн салбарыг дэмжих хуулийг санхүүжүүлэхийг бүгд найрамдахчууд эсэргүүцэж байгаа юм.
Б.Баяр