
Англид Steatoda nobilis нэртэй хорт аалз тархаж эхэлсэн тул иргэдэд албаныхан анхааруулж байна. Энэ нь өчүүхэн жижиг хэмжээтэй боловч бусад төрлийн аалзнаас илүү хор хөнөөлтэй гэнэ. Тэд бараан өнгөтэй, гэрэлт толботой, цээжин хэсэгтээ цайвар судалтай учраас танихад хялбар. Ийм төрлийн аалзнууд Английн өмнөд хэсэгт элбэг байх бөгөөд шинжээчид тэднийг 100 гаруй жилийн өмнө Канарын арлуудаас нүүж ирсэн гэж үздэг байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад хаа сайгүй тэнэх болжээ. Харамсалтай нь уг аалзанд хазуулсан хохирогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд толгой өвдөж, хөл, гар хавдах зэрэг зовиур илэрдэг байна. Мөн харшил үүсгэх шалтгаан болдог аж.