
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн 8, гал түймрийн зөрчлийн 3 дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 15х8 метрийн хэмжээтэй нийтийн орон сууцны хонгилын таазны хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ. Ингээд гал түймрийн аюулд өртөх эрсдэлтэй байсан 10 айлын 21 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна. Азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Мөн Хан Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн урд зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад "Тоёото хинта" загварын суудлын автомашин осолдож шатаж унтраасан байжээ. Осол болох явцад машинд зорчиж явсан 36 настай, эрэгтэйн биеийн байдал муу байсныг ЯТТ 103-ын эмчид, нэр хаяг нь тодорхойгүй 45 орчим насны эрэгтэй хүн нас барсан байсныг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/