АНУ-ын тагнуулын алба Вашингтонд ажилладаг Францын дипломат ажилтнуудыг тагнаж байсан талаар “Le Monde” сонинд нийтэлжээ. Тагнуулчид гадаадын сүлжээнүүдийг хакердаж, програм хангамж руу мэдээлэл хуулбарлаж байсан гэдгийг дээрх сонинд дурдсан байна. Өчигдөрхөн Францын хэдэн сая иргэний гар утасны мэдээллийг чагнаж байсан нь илрээд байсан бол дахин нэг хэрэг мандсан нь шуугиан дэгдээгээд байна.

Францчууд уг нууц ажиллагааг АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудений задруулсан мэдээлэлд үндэслэн тогтоосон бөгөөд Бразильд очсон нууц мэдээллийг "Гардиан" сонины сэтгүүлчээс авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Дээрх сонины сэтгүүлчдийн нотолж байгаагаар АНУ 2011 онд дээрх ажиллагааг явуулахын тулд 652 сая доллар зарцуулсан гэнэ. Тухайн жил хэдэн арван сая компьютер хакеруудын халдлагад өртөж байсан гэсэн мэдээлэл бий. АНУ-ын эсрэг ийм олон нотлох баримтуудад нэгэн зэрэг илэрч байгаа нь Франц, Америкийн харилцаанд нөлөөлнө гэж хэвлэлийнхэн үзэж байна. Энэ асуудлын улмаас Францын гадаадын хэргийн сайд Лаурент Фабиус АНУ-ын төрийн бичгийн даргатай яаралтай уулзаж, тайлбар сонсохыг хүссэн юм. Энэ үеэр АНУ “Франц бол бидний хамгийн ойрын түнш” гэж хэлсэн байна.