Бангладешийн Дака хотод оёдлын үйлдвэрийн барилга нурж, 1000 гаруй ажилтан нурангинд дарагдаж, амь насаа алдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд зүүн Азийн Бангладеш улсад бусад оёдлын үйлдвэрийн ажилчдаа хамгаалах тал дээр анхаарч байгаа гэнэ. Гэсэн хэдий ч энэ сарын эхээр мөн л Дака хотын оёдлын үйлдвэрт осол гарч, 7 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан юм. Дээрх ослын гэмт буруутныг тогтоох, үйлдвэрийн эздэд хариуцлага тооцохоор эрх баригчид ажиллаж байгаа ч үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт олон нийт эргэлзэж байгаа гэнэ. Олны нүдэн дээр болсон аймшигт ослоос сургамж авч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг хамгаалах асуудалд анхаарч, Европын стандартыг мөрдөж эхэлсэн байна. Гэхдээ энэ стандартыг мөрдсөн ч үйлдвэрийн осол тасрахгүй гарсаар байгаа нь хээл хахуультай холбоотой гэнэ. Учир нь Бангладеш улсад маш олон оёдлын үйлдвэр байдаг бөгөөд олон улсын байгууллагын явуулсан судалгаагаар авилгал дээд цэгтээ хүрсэн энэ улсад мэргэжлийн байгууллагын хяналт зохих газраа хүрдэггүй ажээ. Хууль тогтоогчдын 10 гаруй хувь нь үйлдвэрийн эзэд байдаг тул олон нийтийн эрх ашгийн төлөө алхам хийхгүй байгаа гэж олон улсын шинжээчид сануулж байгаа юм.




























































