
Хятадын сурвалжлагч бизнесийн нэр хүндэд халдсан, зохиомол нийтлэл бичсэнийхээ төлөө өнгөрсөн долоо хоногт баривчлагдаад байсан юм. Сэтгүүлч Чен Ёнжоу “Бусад сэтгүүлчид миний алдаанаас суралцана гэдэгт итгэлтэй байна” хэмээн Ройтерс агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр мөн хувийн сонирхолдоо хөтлөгдөн, сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэсэн алхам хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Чен сэтгүүлч өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны наймдугаар сар хүртэл “Zoom lion Heavy Industry Science & Technology” компанийн санхүүгийн асуудлыг хөндсөн 10 цуврал сурвалжлага бэлтгэжээ. 27 настай сэтгүүлч 2009 оноос эхлэн “New Express” сонинд ажиллаж байгаа гэнэ. Харин Чений дээрх цуврал нийтлэлийг Синьхуа агентлаг мөнгө төлж авсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр улсын өмчит дээрх компани зөвхөн зар сурталчилгаанд гэхэд 513 сая юань зарцуулсан гэх зэргээр нийтлэлээ бичжээ. Гэхдээ уг нийтлэлд үнэн зөв баримт байгаа эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулсаны дараагаар сэтгүүлчид ямар хариуцлага тооцохоо шийдэхээр болжээ.