
Энэ сарын 18-ны өдөр Налайх дүүргийн хоёрдугаар хороонд буун дуу гарч, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус хороонд байрлах “Mustang” баарны гадна иргэн Э машиндаа зургаан удаа буудуулан амиа алдсан юм. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хэргийг түүний найз А.Мэндбаяр гэгч залуу үйлдсэн болохыг нь тогтоон, түүнд Эрүүгийн хуулийн 91.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм. Хэрэг гарсан даруйд түүнийг хил давах гэж байхад нь буюу “Чингис хаан” онгоцны буудлаас саатуулсан, А.Мэндбаяр нь талийгаачийн найз охиныг хүчиндэж байсан учраас хөнөөсөн, амиа алдахдаа хар тамхи хэрэглэсэн байсан гэх мэдээллүүд цацагдаж байсан билээ. Тэгвэл албан эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтнийг “Чингис хаан” онгоцны буудлаас биш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан. Мөн тэднийг хар тамхи хэрэглэсэн байсан гэх мэдээлэл цацагдсан ч мөрдөн байцаалтын явцад хэрэглээгүй нь тогтоогдсон. Мөн найз охиныг нь хүчиндэж байгаагүй бөгөөд өс хонзонгийн сэдлээр амь насыг нь хөнөөсөн аж.
Д.Ундрах /24tsag.mn/