Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Кэрни гадаадад явуулж байгаа АНУ-ын тагнуулын ажиллагаанд илүү ухаалаг хяналт тавих шаардлагатай байгааг мэдэгдлээ. Тагнуулын албаны нууц ажиллагааны бас нэгэн “хохирогч” нь Испани улс болоод байгаа. Тиймээс Европ дахь итгэлт харилцаагаа сэргээхийн тулд тагнуулын хөтөлбөрийг эргэн харж, нээлттэй хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж үзжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн хэвлэлийн төлөөлөгч ноён Жэй Кэрни мэдээллийг цуглуулах аргыг өөрчилж, хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдгийг эргэн харах болно гэдгээ илэрхийлсэн байна. АНУ-ын эрх баригчид дэлхийн бусад орны удирдагчдын утасны яриаг эдийн засгийн сонирхлоор биш зөвхөн үндэсний аюулгүй байдлын төлөө чагнаж байсан гэдгээ тайлбарласаар байгаа юм.