НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас шавьж идсэнээр дэлхий ертөнцийг хүнсний хомсдолоос аварна гэж үзэж байна. Тэд хүнсэнд хэрэглэж болохуйц шавьж, хорхойнуудыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулан хэрэглэх явдлыг дэмждэг. Аз болоход ийм төрлийн хоол хүнсийг хэрэглэдэг уламжлалтай орнууд ч цөөнгүй бий гэнэ. Жишээ нь, дэлхий дээр 2 тэрбум гаруй хүн ямар нэг хэмжээгээр өт хорхойг хоолондоо хэрэглэдэг байна. Ялангуяа Африк тив болон Зүүн Өмнөд Азийн орнуудад шавьжаар идэвхтэй хооллодог. Эдгээр нь царцаа, зарим төрлийн ялааны өт, эмгэн хумс шавьж зэрэг юм. Үүнээс гадна АНУ тэргүүтэй Барууны орнуудад шавьж хорхойгоор хооллож, элдэв янзын өвчнийг анагаадаг уламжлал ч байжээ. Шавьжаар хооллох нь хамгийн хямд төсөр, бас шавхагдашгүй хүнсний нөөц болохыг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь шавьж нь мал аж ахуйтай адил бэлчээрийн доройтлын асуудлыг дагуулдаггүй тул дэмжиж байгаа ажээ.



