Та загасны дэлгүүрт очвол загас байдаг гэж боддог байх. Гэтэл Токио хотод байдаг Хитоши Ёшикава гуайн дэлгүүрт ямар ч загас байхгүй, харин ганцхан ширээ, ширээн дээр нь 2 ширхэг Айпад төхөөрөмж л байна. Хитоши Ёшикава гуай бол өөрийгөө 21-р зууны үеийн Дэлгүүрийн худалдагч учраас техникийн дэвшлээс хоцорч болохгүй гэж үздэг хүн юм. Түүний дэлгүүрт орсон хүмүүс загасны үнэр ч гарахгүй, загас жараахай, хавч хясаа ер харагдахгүй байхыг хараад анхандаа их гайхдаг юм. Харин Хитоши гуай загасны бөөний худалдаан дээр байдаг нөхөдтэйгээ өөрийн энэ хоёр айпад төхөөрөмжөөр шууд холбогдож, худалдан авагч нартай шинэхэн загас шилэх боломж өгдөг ажээ. Тэгээд худалдан авагч загасаа шилсэний дараа загасыг нь 2 цагийн дараа гэрт нь хүргээд өгчихнө. Худалдан авагч нарт энэ шинэ үйлчилгээ таалагдаж байгаа гэнэ.





