
Өнөөдөр Тажикстанд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Эмомали Рахмон болон бусад таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ санал хураалтын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ерөнхийлөгч Эмомали Рахмон. Тэрбээр 1992 оноос хойш гурван удаа энэ албан тушаалд сонгогдож “дархлагдсан” нэгэн юм. Саяхан түүнийг хүүгийнхээ хуримын ёслол дээр бүжиглэж буй “галзуу” бичлэг интернетэд цацагдаж нэр хүнд нь унаад байсан юм. Тэрбээр энэ асуудлаас болж Тажикстанд “youtube” сайтыг хэрэглэхийг хориглосон байдаг.
Энэ удаагийн сонгуульд Эдийн засгийн шинэчлэлийн намаас Алийм Бабаев, Хөдөө аж ахуйн намаас Талибек Бухариев, Социалист намаас Абдухалим Гафаров, Ардчилсан намаас Сайдкафар Исманов, Коммунист намаас Измайл Талбаков өрсөлдөж байгаа юм.
Тажикстаны хүн амын 45 хувь нь ядуу бөгөөд сарын дундаж цалин нь 135 доллар. Мөн ажиллах хүчний 50 орчим хувь нь ар гэрээ тэжээхийн тулд Орос болон бусад орон руу цагаачилдаг гэж Дэлхийн банкнаас мэдээлсэн байдаг.
Б.Баяр