
Филиппин улсад хар салхины аюулын харанга дэлдэж эхэллээ. Haiyan хэмээх хар салхи цагт 35 километрийн хурдтайгаар Филиппин улсын зүүн зүг рүү нүүж байгааг цаг уурчид мэдэгдлээ. Хар салхины төвд агаарын даралт 895 паскаль байгаа бөгөөд салхины хурд цагт 324 километрт хүрчээ. Тус улсын цаг уурын албаныхан хар салхи Филиппиний зүүн хэсгээс нүүж, маргааш гэхэд баруун мужуудад орж ирнэ гэж үзэж байна. Филиппиний Засгийн Газар яаралтай онц байдал зарлаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Ерөнхийлөгч Венигно Акүно ард иргэддээ аюулгүй байдлын үүднээс холбогдох байгууллагын зөвлөгөөг дагахыг сануулсан байна. 2011 оны арванхоёрдугаар сард Филиппинд хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэж байсан юм. Өнгөрсөн онд мөн хар салхи гарч байжээ. Энэ онд гэхэд тус улсад 25 удаа хар салхи орж иржээ.