Филиппин улсад нүүрлэсэн Haiyan хар салхины уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч болзошгүй байна. Энэ нь дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн хүчтэй хар салхинуудын нэг гэж цаг уурчид үзжээ. Филиппиний зүүн хэсэгт орших Таклобан хотын сургууль, нисэх онгоцны буудал, орон гэрүүд сүйдээд байгаа юм. Ойролцоо орших Самар аралд хар салхи нөлөөлж, 300 хүн нас барж, 2000 хүн сураггүй алга болсон мэдээлэл ирлээ. Мөн 480 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Филиппиний Засгийн Газар 151 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн ч хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Гамшиг болсон газарт цэвэр ус, цахилгаан тасарч, хүнс хомсдож эхэллээ. Мөн Вьетнам улс хар салхины аюулаас хамгаалж 600 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Haiyan хар салхи 235 км цагийн хурдтай байсан бөгөөд хур бороо ихээр ороход нөлөөлсөн юм. Таклобан хотод усанд живж, салхинд нурсан байшин барилгад дарагдаж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн сэтгэл санааны хямралд орсоны улмаас хоол хүнс идэхгүй байгаа талаар BBC мэдээлжээ.







