Дөрвөн өдөр үргэлжилсэн хар салхины улмаас Филиппинчүүд нас барагсдаа оршуулж, хоол хүнс, эм хангамж олохын төлөө тэмцсээр байгаа юм. Яг одоогоор Таклобан хотод цэвэр усны нөөц хомс байгаа ч амьд үлдэхийн тулд бохир ч хамаагүй уусаар байгаа ажээ. Тус улсын Засгийн Газраас 1,744 хүн нас барсан гэж мэдэгдсэн ч 10 мянганд хүрээд байгаа талаар олон улсын байгууллагууд мэдэгдсэн. Усан дотор, зам, гүүрэн дээгүүр нас барагсдын цогцос дүүрэн байгааг Филиппиний Улаан загалмайн тэргүүн Ричард Гордон мэдэгдэж байна. Олон улсын байгууллагын тусламжууд ус ихтэй байгаа учраас замдаа гацаж байгаа ажээ. Тус улсад 2,5 сая хүнд хоол, хүнсний тусламж хүргэх шаардлагатай байгаагаас гадна 300 мянган жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх хүүхэдтэй ээжүүд байгаа юм. Филиппиний төв телевизээр “Байшин маань нурж, аав модонд дарагдаад нас барсан. Хоол хүнсний тусламж хэрэгтэй” хэмээн нэгэн эмэгтэй ярьж байгаа нь сэтгэл өвдмөөр ажээ. Гамшиг болсон газар нисдэг тэргээр ирүүлэх тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аврагчид хэлж байна.























