
“Apple”, “Samsung” компаниуд зохиогчийн эрхийн асуудлаар дахин шүүхдэлцэж эхэллээ. Өнгөрсөн оны наймдугаар сард “Apple” компани “Samsung” компанийг бүтээгдэхүүнийг нь хуулбарласан гэж үзсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байсан. Энэ маргаан “Apple”-ийн ялалтаар дуусч, 1 тэрбум долларын торгуулийн мөнгө авах эрхтэй болсон нь технологийн салбар дахь хамгийн том зарга болж байжээ. Энэ оны гуравдугаар сард шүүхээс 1 тэрбум долларыг багасгах шийдвэрийг гаргаснаар хэргийг дахин сөхөх шаардлага гарчээ. Шүүгч Люси Кор Калифорни мужид болсон анхан шатны шүүх хурлын үеэр хохирлын хэмжээг зөв тооцоолоогүй гэж үзсэн байна. Тэрээр 450 сая долларын асуудлыг ахин үнэлгээжүүлэх шаардлагатай гэж хэлсэнээр “Apple” компани 1 тэрбум доллараа авч чадахгүй байж магадгүй болжээ. Тус компани анхандаа “Samsung”-аас 2,5 тэрбум долар нэхэмжилж байсан юм. Энэхүү асуудал Өмнөд Солонгосын компани iPhone, iPad-ийн загварыг хуулбарласнаас эхлэлтэй.